Monday, October 29, 2012

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОВЧ ТОЙМ.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОВЧ ТОЙМ.

Үзэсгэлэнт “Хөвсгөл нуур”-ын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатараас 779 км хол зайд оршдог.
Хөвсгөл аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын татаж, “Монголын Щвейцарь” хэмээн нэрлэгддэг билээ.

Аймгийн сүлд
Ариун дагшны бэлэгдэл бадамлянхуа цэцгэн суурьтай. Сав шим ертөнцийг тэтгэгч алтан нарыг бэлгэдсэн алтан шар хээ бүхий дугуй дүрс дээр эв нэгдлийн бэлгэдэл 5 сум, эцэг өвгөдөөс уламжлагдсан их хар сүлд, эх нутаг, хэл соёлоо бэлгэдэж уйгаржин бичгээр “Хөвсгөл” гэсэн бичээс бүхий

Аймгийн далбаа
Мөнх хөх тэнгэр язгуур, Хатан далай ээжийн гүн хөх цэнхэр өнгийг бэлгэдсэн хөх цэнхэр өнгөтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүй, ариун дөлгөөн хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэлт санааг илэрхийлсэн долгион хээ, сав шим ертөнцийг тэтгэгч алтан нарыг бэлгэдэж алтан шар хээ бүхий дугуй дүрс дээр ариун дагшны бэлгэдэл бадам цэцгэн суурин дээр эв нэгдлийн бэлгэдэл 5 сум, эцэг өвгөдөөс уламжлагдсан их хар сүлд, эх нутаг, хэл соёлоо бэлгэдэж уйгаржин бичгээр “Хөвсгөл” гэсэн бичээс дүрс бүхий сүлд гол хэсэгт байрласан.

Газар нутаг: Газар нутгийн хэмжээ 101,0 мян. кв.км.
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, СаЯны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино. Газар нутгийн 40 гаруй хувийг ой, 4 орчин хувийг гол, горхи, нуур эзэлдэг. 400 гаруй гол мөрөн, горхи булаг, 300 гаруй том жижиг нууртай. Үүний дотор цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг Хөвсгөл нуур оршдог. Хөвсгөл нуур нь гүнээрээ Азид 2-т, талбайгаараа 10 дугаар байранд ордог бөгөөд 2760 кв.км талбайтай, урт нь 136 км, өргөн нь 36,5 км, гүн нь 262 м.
Дэлгэрхаан, Улаан тайга, Зүүн тайга, Мөнхсарьдаг, Саяан, Хорьдол сарьдаг зэрэг олон уул нурууд нь ой мод, ан амьтан, ургамал, шувуу хөрсөн доорхи болон дээрх нөөц баялаг ихтэй. Буга, хандгай, аргаль, янгир, гөрөөс, баавгай, чоно, үнэг, хярс, шилүүс зэрэг зэрлэг амьтад болон шувууд нэн элбэг. Дархадын хотгорын Цагааннуурын “Цагаан загас” нь амт болон эмчилгээний чанараараа улсдаа алдартай.
Уур амьсгал: Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг
агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе 1 дүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг. Жилдээ нутгийн хойд хэсгээр дунджаар 300-400 мм, өмнөд хэсгээр 300мм хур тунадас буудаг.
Засаг захиргааны нэгж: 23 сум, 1 тосгон, 125 баг, нийт 149 нэгжээс бүрддэг.
Хүн ам: Хөвсгөл аймаг нь 124613 хүн амтай бөгөөд монголын хамгийн олон хүн амтай бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай, буриад, тува-цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг. Хүн амын 51,8% нь хот суурин газарт, 49,2% нь хөдөө амьдардаг. Хүн амын нягтшил-1,23 хүн/км.

Эдийн засаг: Аймгийн ДНБ нь 2009 оны эцсийн байдлаар171 тэрбум, 1 хүнд ногдох
ДНБ-1200 ам доллар байна.

Хөдөө аж ахуй: Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал
аж ахуй голлох байр эзэлдэг. 3,1 сая толгой малтай ба малын тоогоор улсдаа тэргүүлдэг. Аймгийн хойд хэсэгт тува иргэд цаа маллан аж төрдөг бөгөөд 2010 оны эцсийн байдлаар аймгийн цаа бугын тоо толгой 1300 байв. Зарим сумдад газар тариалан эрхэлдэг. Жилд дунджаар 25000 орчим тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг.

Үйлдвэрлэл үйлчилгээ: Хөвсгөл аймагт 530 гаруй аж ахуйн нэгж, худалдаа,үйлчилгээ,
боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хөвсгөл аймагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.
Уул уурхай: Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвинтай.
Үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нvvрс, шороон будаг, шохойн чулуу, хаш, гантиг, боржин vvний зэрэгцээ хөнгөн vеийн vйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Аялал жуулчлал: Хөвсгөл аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд аймгийн нэрийн хуудас болсон цэнгэг тунгалагаараа алдартай “Хөвсгөл нуур” болон онгон зэрлэг төрхөө хадгалж үлдсэн үзэсгэлэнт байгалийг зорьж гадаад, дотоодын зочид гийчид олноор ирдэг. Аймгийн хойд хэсэгт дахь бөө мөргөлөө хадгалан үлдсэн ард түмэн, тайгад цаа маллан амьдрах амьдралын өвөрмөц хэв маяг бүхий цаатан иргэд, 300-аад том жижиг нуур, гол мөрөн бүхий үзэсгэлэнт “Дархадын хотгор”, эртний бөө мөргөлийн тахилгатай “Даян дээрхийн агуй” зэрэг нь зочид гийчдийн сонирхлыг гойд их татдаг.
Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэр нэн эртний үеэс хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2-3 метр өндөр 14 эртний буган хөшөө бүхий цогцолбор, 3-4 метр өндөр хиргисүүр, хүн чулуун хөшөө, Хубилай хааны ордны туурь, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг олон түүхийн дурсгалт зүйлс, эртний бөө мөргөлийн шүтээн “Даян дээрхийн агуй” зэрэг өвөрмөц үзмэрүүд ихтэй.

Мөн сүүлийн жилүүдэд нуур, голууд нь тул, алгана, зэвэг зэрэг агнуурын загас элбэг бөгөөд үүнд түшиглэн спорт загасчлал, өвлийн улиралд Хөвсгөл нуур орчимд өвлийн спортыг хөгжүүлж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 43 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог, 2 халуун рашаан амралт, 7 амралтын газар ажиллаж, жилд дунджаар 20000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.
Түүнчлэн анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.
Аймгийн зүгээс аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохыг зорьж, өвлийн улиралд “Мөсний баяр”, “Олон улсын тэшүүрийн марафон”, зуны улиралд “Цаатан” фестиваль”, “Олон улсын ультра марафон” зэрэг аялал жуулчлалын жил бүр зохион байгуулдаг.
Эвентүүд: “Наадам” (Үндэсний баяр) жил бүрийн 7 сарын 11-13 (Мөрөн хотод)
- “Цаатан фестиваль”, жил бүрийн 7 сарын эхний хагас, (Хөвсгөл нуурын эрэг дэхь Хатгал тосгоны ойролцоо),
- “Мөсний баяр”/Ice festival/ –Жил бүрийн 2 сарын сүүлийн хагаст (Хөвсгөл нуурын эрэгт), зохион байгуулагч Аймгийн Засаг даргын Тамгын газар,
Гадаад харилцаа: Хөвсгөл аймагт нь хил залгаа ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын
аймаг, ОХУ-ын Тува улстай эрт дээр үеэс уламжлилж ирсэн сайн хөршийн харилцаатай. Мөн Япон улсын Шига муж, АНУ-ын Монтана муж, Данийн вант улстай харилцаа холбоотой ажилладаг. Францын Тонон хот болон Солонгосын Дэжон хотын Сэгү дүүрэгтэй эгч дүү хотын харилцаа тогтоо холбоо тогтоохоор ажиллаж байна.


No comments:

Post a Comment